Британийн ЭСЯ-ны дэд тэргүүн төслийн явцтай танилцлаа


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцохоор Британийн ЭСЯ-ны Дэд тэргүүн Жеймс Холдер, тус ЭСЯ-ны Олон улсын худалдааны газрын Уул уурхай, дэд бүтэц хариуцсан дарга А.Элбэгсайхан, “Терра эксплорер лимитед монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ридван Карпуз, “Сонофорт групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Хокинс нар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д зочиллоо. Уулзалтын эхэнд, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Британийн бизнес эрхлэгчид Монгол улсад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийг үргэлж эрэлхийлж байдаг. Танай оронд хэрэгжиж буй мега төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад ч хамтран ажиллах, тэр дундаа Дамжуулах хоолойн төслийг бизнес эрхлэгчид сонирхож байгаа” гэж Британийн ЭСЯ-ны Дэд тэргүүн Жеймс Холдер хэллээ. Цаашид төслийн хүрээнд хамтран ажиллах боломж, гарцыг хэрхэн бий болгох талаар хоёр тал санал солилцлоо.