“ITEC-ийн өдөр-2020” боллоо.


 

БНЭУ-ын оюутны тэтгэлэгт хөтөлбөр болох Энэтхэгийн Техник, Эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC)-ны 56 жилийн ойг өчигдөр тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд БНЭУ-ын Элчин сайд болон ITEC хөтөлбөрт хамрагдсан монгол иргэдийн төлөөллүүд, УИХ-ын зарим гишүүд, зочид төлөөлөгчид оролцлоо.

ITEC хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж буйн нэг нь Монгол улс юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд тус хөтөлбөрийн тэтгэлгээр 3500 хүн БНЭУ-д суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлжээ.

Энэтхэг улсын хувьд, хөгжлийн түншлэлийн хүрээнд хөрш бус оронтой хамтран хэрэгжүүлж буй хамгийн том төсөл нь 1,236 тэрбум долларын өртөгтэй “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төсөл юм. Хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах чиглэлийн монгол инженер мэргэжилтнүүдийг сургах 40 тэтгэлгийг ITEC-т жил бүр хуваарилахаар болсон. Үүний дагуу 35 хүний бүрэлдэхүүнтэй эхний ээлж энэ онд сургалтаа амжилттай дүүргэсэн юм.

Тэдний нэг болох “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Процессын инженер Тулга-Очир “Бид Уттараханд мужийн Дехрадун хот дахь “Энэтхэгийн газрын тосны институт”-д суралцах явцдаа чадварлаг эрдэмтэд, профессоруудын заасан хичээл, арга туршлагуудаас үнэтэй мэдлэг олж авсан. Энэтхэг хүмүүсийн монголчуудыг гэсэн элгэмсэг дотно хандлага, найрсаг сайхан сэтгэл бидэнд гайхалтай сэтгэгдэл үлдээсэн. Эрдэмтэн багш нар, ITEC-ийн зохицуулагчид, хамт суралцаж байсан Индиан Ойл компанийн инженерүүд гээд олон хүнтэй найз нөхөр, андын холбоотой болсноо хэлэхэд таатай байна. Одоо бид сургалтын хугацаанд сурч мэдсэн бүх зүйлээ эх орондоо Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Сүүлийн жилүүдэд газрын тос, байгалийн хийн салбарын нарийн техник технологийг эрчимтэй хөгжүүлж, нефть-химийн салбарт дэлхийд нөлөө бүхий зах зээл болж буй Энэтхэг улсын мэдлэг, туршлага  энэ салбарт анхлан хөл тавьж буй Монгол улсын хувьд нэн чухал юм. 

БНЭУ ITEC хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг зөөлрүүлж, англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй, ажлын зохих туршлагатай л бол тэтгэлэгт хөтөлбөрт хувь хүн хамрагдах боломж нээлттэй болсон талаар Элчин сайд ноён М.П. Сингх ойн арга хэмжээнд үг хэлэхдээ онцолсон юм. Мөн Ковид-19 цар тахлын үед ITEC алсын зайн болон цахим сургалтуудыг нэвтрүүлж байгаагаа ч дуулгалаа.