Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа


 

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

iAq9NjFgJiuGCCM.JPG

 

Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт (PMC) болон Технологийн бус барилга байгууламж (EPC 1) барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна.

EPC 1 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компани болон монголын талын туслан гүйцэтгэгч компаниудын 300 гаруй инженер, мэргэжилтнүүд үйлдвэрийн талбай дээр бүтээн байгуулалтын ажлыг ид гүйцэтгэж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр,  засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулах ажил өрнөж байна. Уг бүтээн байгуулалтын ажил дууссанаар үйлдвэрийн дараа дараагийн үндсэн технологийн байгууламжуудыг барих суурь  хангагдана гэсэн үг.

 

DVnhA4It8jpGmQA.png

 

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс үйлдвэрийн ажилтнуудын амьдрах орон сууцны хотхоныг Сайншанд хотод барьж байна. 550 айлын уг хотхон нь Оффис, хурлын танхим, ажилчид хооллох заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилга баригдана. Өнөөдрийн байдлаар эхний орон сууцны барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн томоохон хот болон хөгжих эхлэл нь энэ хотхон байх болно.

 

W7KWMnJMEa3XjW8.png

 

“МГТБҮ” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцээг, “Цар тахлын нөлөөгөөр хилийн чанадаас ирэх бараа бүтээгдэхүүн саатах, хөл хорионы улмаас орон нутагт ажиллах хүч хомсдох гэхчлэн үйлдвэр болон хотхон бүтээн байгуулах ажилд чамгүй саад тотгор учирч байгааг дуулгаад зарим ачаа бараа хоёр сараар саатсан тохиолдол ч байгаа” гэлээ. Ерөнхий сайд, “Бид одоо ковидтой дасан зохицож, сөрж, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна.  Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой” гэв.

 

dfhE7dqjpx4719a.png