EPC 3 тендерт оролцогчдод мэдээлэл өгөх онлайн уулзалт боллоо


 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гурав дахь багц ажил EPC3 буюу Дулааны цахилгаан станц барих ажлын 2 дахь шатны сонгон шалгаруулалт явагдаж байна. Эхний шатны тендерт шалгарсан компаниудын төлөөлөлд бүтээн байгуулалт өрнөж байгаа газраас шууд мэдээлэл өгөх уулзалтыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК 2021 оны 8-р сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт өрнөж байгаа үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, ажилтнуудын амьдарч буй орчин ахуй, дэд бүтэц (төмөр зам, авто зам, цахилгаан хангамж,  газрын тосны үйлдвэрийн хотхон) зэрэг ажил, нөхцөл байдлыг Энэтхэгт байгаа компаниудын инженер, техникийн ажилтнуудад газар дээрээс нь онлайнаар танилцууллаа. Тус онлайн уулзалтад төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” болон EPC1-ийн ерөнхий гүйцэтгэгч “JMC” компанийн мэргэжилтнүүд  мөн оролцож мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбай дээр Энэтхэгийн 120 гаруй, туслан гүйцэтгэгч монголын компаниудын 200 гаруй хүн байнга байрлан ажиллаж байна.