Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцан үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалтын талаар туршлага судалж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Зэсийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Засвар механикийн завод, Дулааны Цахилгаан Станц, Баяжуулах үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хэсэг, Ус хангамжийн цехийн үйл ажиллагаа, цэвэр ус дамжуулах 820мм-ийн III шугамын барилгын ажлын явц, Өргөх насос станц зэрэг цех, завод, байгууламжуудын үйл ажиллагааны талаар Эрдэнэт үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд газар дээр нь мэдээлэл өглөө. Эрдэнэт үйлдвэр монгол улсын эдийн засгийн томоохон бүрдүүлэгч байхын зэрэгцээ аж үйлдвэрийн чиглэлийн инженер, мэргэжилтнүүдийн цөм хэсэг болохын хувьд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд ажиллаж буй инженерүүд тэднээс суралцах, мэдлэг туршлага олж авах нь чухал гэж үзэн цаашид сургалт, дадлагын чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.