“ТҮҮХИЙ ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА


 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэгэн чухал дэд бүтэц болох Түүхий тос дамжуулах хоолой барих төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Норинко интернэйшнл кооперэйшн” компанийн Ерөнхий менежер Жоу Диан Бин, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар Барилга угсралтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, сонгон шалгаруулалт зарлахаас эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд өндөр хүчин чармайлт гарган ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлээд, монгол, хятад хоёр орны эдийн засгийн харилцаа нэгэн чухал бүтээн байгуулалтын төслөөр баяжиж буйг тэмдэглэлээ. “Норинко интернэйшнл кооперэйшн” нь БНХАУ-ын төрийн өмчит компани бөгөөд олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай, хариуцлагатай компанийн хувьд төлөвлөсөн хугацаа, санхүүжилтэнд багтаан төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Норинко интернэйшнл кооперэйшн” компанийн захирал Юан Жуэнь БНХАУ-аас цахимаар холбогдож үг хэлэх үеэрээ, монгол улсын хөгжлийн томоохон төсөлд хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг ч дуулган төслийн хэрэгжилтэд амжилт хүслээ.

“Түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн хүрээнд нийт 4 гэрээ байгуулагдах юм.