АНУ-ын “Honeywell UOP” компанийн лицензээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн 4 байгууламжийг барихаар боллоо


 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлдвэрийн гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжууд нь дэлхийн нефть-химийн салбарын томоохон концернуудын лицензээр байгуулагддаг. Төслийн хамгийн их цаг хугацаа шаардсан, өндөр технологийн, нарийн төвөгшилтэй эдгээр технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил дуусч, АНУ-ын болон Баруун Европын нефть-химийн салбарын компаниудтай гэрээ байгуулж эхэлснээр төсөл бас нэг шинэ шатанд гарч, олон улсын томоохон концернуудтай гэрээ эрх зүйн хувьд холбоотой болоод байгаа юм.

Өнөөдөр Гидрокрекинг (Hydrocracking), Дизелийн гидроцэвэрлэгээ (DHDT), Шингэрүүлсэн шатдаг хий ялгах (LPGT), Бензин үйлдвэрлэх (MS Block) байгууламжуудын лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “Honeywell UOP” компанитай Лиценз-Инженерчлэлийн гэрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Honeywell UOP” компанийн Дэд ерөнхийлөгч ноён Келли Сайберт нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Манай улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь Гүн боловсруулалтын гидрокрекинг технологитой бөгөөд энэ нь газрын тосны хүнд үлдэгдэл буюу хүнд молекулуудыг устөрөгчтэй орчинд катализаторын тусламжтайгаар задалж бензин, керосин, дизель түлш, шингэрүүлсэн хий зэрэг хөнгөн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх зориулалттай процесс юм.

Гидрокрекинг технологийн байгууламж нь өндөр чанарын дизель, онгоцны түлш түлхүү үйлдвэрлэх зориулалттай, түүхий тосны шинж чанар, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай байх юм.

Үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийг оновчтой сонгохын тулд эцсийн бүтээгдэхүүний төрөл ба гарцын хэмжээ, чанар стандартын шаардлага хангах эсэх, үйл ажиллагааны хүндрэл, горимын уян хатан чанар, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуур үзүүлэлтээр 30 гаруй технологийг харьцуулан судалж тооцоолсон. Олон шалгуур үзүүлэлтээр Гидрокрекинг байгууламж хамгийн тохиромжтой технологиор шалгарсан юм.

Бидний хамтран ажиллахаар болсон АНУ-ын “Honeywell UOP” компани нь https://uop.honeywell.com/en шинжлэх ухаан, өндөр технологи, хүнд аж үйлдвэрийн олон салбарын 3000 гаруй патентийг зохиогч, эзэмшигч бөгөөд технологи, инженерчлэлийн инновацын хувьд өндөр зэрэглэлийн, Америк, Ази, Европ, Ойрхи Дорнод гээд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, зуу гаруй жилийн туршлагатай компани юм.