ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Төслийн зорилго: 

Өөрийн орны түүхий эдийн нөөцөд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, Монгол улсын түлш шатахууны хэрэгцээг ханган, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавьж, эдийн засагт хүч нэмэх шинэ аж үйлдвэрийг цогцоор нь бүтээн байгуулахад оршино.

Төсөл хэрэгжүүлэх шаардлага:

Монгол улсын уул уурхай, газар тариалангийн салбар эрчимжиж, хотжилт, төвлөрөлтөөс үүдэн авто тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор манай орны газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна.  2019 онд гадаад улсаас 1,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч, үүнд 1,2 тэрбум орчим ам.доллар зарцуулсан нь нийт импортын 30 орчим хувийг эзэлж байна. 

Судалгаагаар автобензиний хэрэглээний дийлэнхийг суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг бол дизель түлшний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхай, газар тариалангийн хүнд машин механизмд хэрэглэж байна.  

Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн нийт зардлын 30 орчим хувийг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нийт зардлын 25-30 хувийг түлш шатахууны зардал эзэлдэг байна.

Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат байгаа нь гадаад худалдааны тэнцэлд муугаар нөлөөлөхөөс гадна бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцийг хөөрөгдөх гол хүчин зүйл болж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, цаашилбал улс орны хөгжлийн бодлого, эдийн засгийн аюулгүй байдалд хүндрэл учруулж байна.

Төсөл хэрэгжүүлэх боломж:

Манай улсын газрын тосны хайгуул олборлолтын үйл ажиллагаа 2005 оноос эхлэн эрчимжсэнээр батлагдсан нөөцтэй болж, өнөөгийн байдлаар олборлосон тосоо БНХАУ-д экспортолж байна. Үйлдвэрийг 2010 онд батлагдсан газрын тосны нөөц ашиглах төлөвлөгөөтэй уялдуулан 1,5 сая тонн хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.

Мөн газрын тосны хайгуулын Матад XX, Хөхнуур XVIII  болон Галба XI талбайгаас тос илэрсэн тул хайгуул, туршилтын ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой.

Төсөл хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл:

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 14/06 тоот Зөвлөмжөөр “Стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эд дээр түшиглэн байгуулах” үүргийг Засгийн газарт өгсөн.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан.

БНЭУ-ын Засгийн газар манай улсын эдийн засгийн хөгжилд зориулж 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, 2016 оны 04 дүгээр сарын 28 нд Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импортын банк хооронд Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулагдсан.

Засгийн газрын 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор БНЭУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийг Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаар тогтоолоор ГТБҮ байгуулах төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын   тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

- Бүх төрлийн татвар, ногдол ашгаас улсын төсөвт томоохон хувь нэмэр орох болно.

- Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар нэмэгдэнэ.

- Монгол улсын эдийн засаг түлш шатахууны хараат байдлаас гарна.

- Гадагш урсах валютын хэмжээ буурна.

- Эдийн засагт нэгэн шинэ салбар бий болж, цогц аж үйлдвэрийн хөгжлийн чухал элемент болох нефть-химийн үйлдвэрийн суурь тавигдана.

- Монгол улс өөрийн гэсэн эрчим хүчний шинэ бааз суурьтай болно.

- Газрын тосны олборлолт, тээвэрлэлт, боловсруулалтыг дагаад эдийн засгийн бусад салбарууд   хөгжинө.

- Шууд ба шууд бус ажлын байр олноор бий болно.

- “Сайншандын Аж үйлдвэрийн парк”-ийн суурь тавигдаж, техник, технологийн шинэ төв бий болно.

- Орчин цагийн аж үйлдвэрийн хөгжилтэй хөл нийлүүлэх боломж бий болно.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

Өнгөрсөн 5 жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1,25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд 1 тэрбум орчим ам. доллар зарцуулсан нь нийт импортын 25-30 хувийг эзэлсэн байна.


Төсөлд оролцсон хүн

Төсөлд оролцсон компани

Хөрөнгө оруулалтын хэмжээ

Төсөл дуусах хугацаа (өдөр)

Хамтрагч байгууллагууд