Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг хүлээж авч уулзлаа.

Монгол Улс түүх, соёлын олон зуун жилийн харилцаатай Энэтхэг улсыг бүс нутаг дахь гол түнш, “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засгийн гол оролцогч болохын хэрээр гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа өрөгжүүлэн, үүний хүрээнд зарим улс орнуудад зээл, тусламж олгох замаар тухайн орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэгэн жишээ бол БНЭУ-ын Засгийн Газраас Монгол улсад 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон шийдвэр байсан бөгөөд энэ тухай тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол улсад айлчлах үеэрээ мэдэгдсэн нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал болсон.

Монгол улсын Засгийн газар энэхүү зээлээр дотоодын газрын тосны нөөцөө боловсруулан эдийн засгаа түлш шатахуунаар ханган, цаашилбал аж үйлдвэрийн цогцолборын томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурийг бий болгохоор шийдвэрлэлээ. Энэхүү төсөл нь гадагш урсах валютын хэмжээг багасгах, бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, говийн бүсэд аж үйлдвэрийн нэгэн шинэ төвийг бий болгох зэрэг нийгэм-эдийн засгийн тал бүрийн ач холбогдолтой болох юм.

Холбоо барих
Байршил
© 2017 Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК