“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг болон Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” (Engineers India Limited), туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзлаа.Уулзалтаар тус үйлдвэрийн үйл ажиллагааттай холбоотойгоор ажилчдын кемпийн зохион байгуулалт, гадаад ажилчдын сахилга, хариуцлага, ачаа тээврийн талаарх асуудлыг хөндөн ярилцаж, аймгийн Засаг даргаас холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.
Энэ жил Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд EPC 02 (Атмосферийн болон Вакум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд), EPC 03 (Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц)багц ажлын бүтээн байгуулалтууд үргэлжлэн хийгдэж, EPC04 (Лицензтэй технологийн байгууламжууд) багц ажлын нарийвчилсан зураг төслийн ажил эхэлнэ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүхий л технологийн байгууламжууд, агуулах сав, танк резервуар, шугам хоолойн үндсэн бүтцийн гол материал нь өндөр чанарын буюу тусгай шаардлагад нийцсэн ган бөгөөд EPC 02 багц ажлын шугам хоолойн эстакадад л гэхэд эхний ээлжид 25.000 тн ган бүтэц шаардагдахаас 700 тонн-ыг тээвэрлэн авчирч, Газрын тос боловсруулах үйлдвэрийн энэ оны барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болоод байна.
БНЭУ-ын Ерөнхий гүйцэтгэгч компани одоогоор инженер, мэргэжилтэн, техникийн ажилтнуудаас бүрдсэн нийт 800 ажиллах хүч оруулж ирээд байгаа бөгөөд энэ жил нийт 3000 гадаад ажиллах хүч нэмэгдэх юм.