НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын Засгийн газар хамтран Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдөрлөгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК оролцож, Монгол улсад хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар, төслийн явцын тухай мэдээллийг олон нийтэд өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 4 багц ажилд хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд 1-р багц буюу технологийн бус барилга байгууламж болох 9 иргэний барилга, талбайн дэд бүтэц, зам, ус хангамжийн системийн инженерчлэл, барилга угсралтын ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай байна.
Үйлдвэрийн 2 дахь багц ажлын хүрээнд анхдагч технологийн болон дагалдах байгууламжууд баригдах бол 3 дахь багц нь Үйлдвэрийн 35 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил байх юм. Эдгээрийн ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах ажил ид өрнөж байна.
Энэ оны эхээр патенттай технологийн 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийг шалгаруулж, гэрээ байгуулж дууссан. АНУ, Франц, Итали, Голландын компаниудын лиценз, технологийн дагуу гол байгууламжуудыг барина гэсэн үг. Лиценз эзэмшигч компаниудаас ирүүлсэн ерөнхий зураг төсөл, инженерчэлийн бичиг баримтыг төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс хянах ажлыг гүйцэтгэж байна. Түүнээс гадна Газрын тосны үйлдвэрийн хотхон, Түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа юм.
Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо



