МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөрТөрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн Газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр /цаашид “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэх/-ийг байгуулах болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж

2.1.Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Барилгын тухай хууль, Усны тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийг барьж, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Энэ хуулиар зохицуулаагүй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбогдсон харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулна.

3.3.Энэ хуульд заасан харилцааг нарийвчлан зохицуулах Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

3.4.Энэ хуулийг Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

 
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ

4 дүгээр зүйл.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн бар  илгын үйл ажиллагаа

4.1.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг гэрээ үйлдсэн хэлээр боловсруулж болох бөгөөд магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

4.2.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн зураг төслийг боловсруулах, магадлал хийх, барилгын үйл ажиллагаанд олон улсын норм, дүрэм, стандартыг гэрээ үйлдсэн хэлээр хэрэглэж болно.

4.3.Энэ хуулийн 4.2-т заасан олон улсын норм, дүрэм, стандартыг гэрээ үйлдсэн хэлээр бүртгэх, хэрэглэх харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

4.4.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, дүрэм, стандартыг монгол хэлнээ орчуулж, Стандартчилал, техникийн  зохицуулалт, тохирлын  үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25.3.2-т заасны дагуу бүртгүүлж, мөрдөнө.

4.5.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламжийн барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасныг үндэслэн энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

5 дугаар зүйл.Газрын тос боловсруулах үйлдвэрийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа

5.1.Газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тогтвортой нөөцтэй байх зорилгоор газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

5.3.Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг гадаад, дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран явуулж болох бөгөөд энэ хуулийн 5.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулна.

5.4.Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг Газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ.

5.5.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 5.2-т заасныг үндэслэн Газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоно.

5.6.Газрын тос боловсруулах үйлдвэрт Засгийн газраас олгосон талбайд газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулна.

6 дугаар зүйл.Бусад дэмжлэг

6.1.Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дараах дэмжлэг үзүүлнэ: 

6.1.1.бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.2.газрын доорх усны нөөцөд улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлын төлбөрөөс Газрын тос боловсруулах үйлдвэрийг чөлөөлөх;

6.1.3.барилга угсралтад шаардлагатай машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.4.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг энэ хуулийн 3.3-т заасан журмаар зохицуулах;

6.1.5.барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх;

6.1.6.Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах  хоолой барих, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад орон нутгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.