МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дамжуулаx xоолойн давуу тал

Дамжуулаx xоолойн давуу тал

Түүхий тосны урсацыг сайжруулах технологиуд

2022/ 10/ 31

Паранфины бүлгийн нүүрсустөрөгчийн эзлэх хувь өндөр, зууралданги чанар өндөртэй түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд урсацыг сайжруулах дараах аргуудыг ашигладаг. Үүнд:

1. Хөнгөн нүүрс устөрөгч холих замаар шингэрүүлэх

2. Зууралданги чанар болон үрэлтийг бууруулах нэмэлт бодис холих

3. Халаах замаар зууралданги чанар болон үрэлтийг бууруулах

                                                               s/e – Skin effect/цахилгаан индукцийн халаагуур

Тамсагийн сав газрын газрын тос нь хүхрийн агуулга бага, хөнгөвтөр чанарын тос боловч паранфинлаг нүүрсустөрөгчийн эзлэх хувь их учир зууралданги чанар өндөртэй байдаг.

– Хөнгөн нүүрсустөрөгч холих замаар түүхий тосыг шингэрүүлэх технологи нь боловсруулах үйлдвэрийн атмосферийн нэрлэгээс гарах нафта, керосин зэргийг газрын тосонд хольж шингэрүүлэх бөгөөд уг технологи нь дагалдах байгууламжууд их шаардагдахаас гадна газрын тос дамжуулах хоолойтой зэрэгцүүлэн тусад нь хоолой барьж байгуулах өндөр өртөгтэй шийдэл учир тохиромжгүй байна. 

– Зууралданги чанар, царцах хэм болон үрэлтийг бууруулах нэмэлт бодис холих замаар зууралданги чанар болон үрэлтийг бууруулах боломжтой хэдий ч лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэн Infineum R180 зэрэг царцах хэм бууруулагч бодисыг 300, 2000, 4000 ppm хэмжээтэйгээр газрын тосонд нэмж, шингэрүүлэхэд түүхий тосны химийн шинж чанарт нөлөөлөх муу үр дагавартай бөгөөд царцах хэм бууруулагч нэмэлт бодис олдоц муутай, үнэ өртөг өндөртэй учир тохиромжгүй байна.

– Халааж тээвэрлэх технологийн энергийн эх үүсвэрүүдийн нөөц арвин, олдоц сайн бөгөөд олон улсын жишигт энэ технологи нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй газарт төлөвлөгддөг. Мөн тус технологи нь дээрх урсацыг сайжруулах технологиудаас хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардал бага учраас халааж тээвэрлэх технологийг сонгох нь тохиромжтой байна.

Халаах түлшний төрлүүд:

          • Газрын тос

          • Хий

          • Мазут

          • Нүүрс

Газрын тос: Олборлолтын хэмжээ хүрэлцээ муутай, бусад түлшний сонголтуудаас олборлолтын өртөг өндөр, үйлдвэрийн гол түүхий эдийг түлш хэлбэрээр ашиглах тохиромжгүй.

Хий: Газрын тосны олборлолтын дагалдах хийг дамжуулах хоолойн тээвэрлэлтийн энергийн эх үүсвэрээр ашиглах боломжийн талаар судалгааг хийж, тос олборлогч компанид хүсэлт гаргасан. Гэвч тус компаниас зөвхөн өөрийн хэрэгцээг л хангах, илүүчлэх боломж бололцоо байхгүй гэсэн хариу ирүүлсэн. Мөн хий тээвэрлэлтийн дэд бүтэц байхгүй, дагалдах байгууламжууд ихээхэн шаардлагатай, тооцоогоор нэг тонн түүхий тос тээвэрлэх өртөг нь хэт өндөр, хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардал маш өндөр учраас энэ шийдэл нь тохиромжгүй байна.

Мазут буюу зуухны түлш: ГТБҮ-ээс гарах зуухны түлшээр тосыг халаах боломжтой боловч нэг цэгээс буюу үйлдвэрээс л хангах боломж байгаа нь дамжуулах хоолойн дагуу, үйлдвэрээс хол байрших дундын станцуудыг тэжээх нь тээвэр ложистикийн хувьд нэн тохиромжгүй, ашиглалтын зардал өндөртэй шийдэл юм.

Нүүрс: Дээрх урсацыг сайжруулах технологиудаас хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал хамгийн бага, нүүрсний олдоц, нөөц арвин болон цахилгаан эрчим хүчний эх үүсвэр хангалтгүй манай нөхцөлд хамгийн тохиромжтой шийдэл учир тус технологийг сонгосон.

Яагаад дамжуулах хоолой гэж

Дамжуулах хоолойн тээврийн систем (ДХТС) нь байгаль орчинд хамгийн бага хор хөнөөлтэй байдаг. АНУ-ын газрын тосны дамжуулах хоолойн нийгэмлэгээс гаргасан сонирхолтой харьцуулалтаас дурдахад ДХТС байгаль орчинд хүлэмжийн хий огт ялгаруулдаггүй бөгөөд төмөр замын тээвэр түүнээс 42%-иар их, авто замын тээвэр 467%-иар их ялгаруулдаг байна.

ДХТС нь газар доор далд суурилуулагдах учраас бэлчээрийн мал аж ахуй болон зэрлэг ан амьтны хөл хөдөлгөөнд саад учруулахгүй давуу талтай технологи юм. Мөн дамжуулах хоолойн осол аваар нь бусад тээврийн системээсээ 62%-иар бага тохиолддог ба энэ утгаараа байгаль орчин, хөрсөнд алдагдах, бохирдуулах газрын тосны хэмжээ бага түүнчлэн ДХТС-д алдагдал гарсан тохиолдолд алдагдлыг шуурхай илрүүлэх автомат тоноглолын систем суурилуулагдана.  

Манай орны газрын тосны онцлог шинж чанарын хувьд зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замын тээврээр ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байх ба тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойн системтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 оны 9 сард захирамж гаргаж боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор хангах, газрын тосны нийлүүлэлтийн дэд бүтцийн оновчтой хувилбарыг тодорхойлох, шаардлагатай тооцоо судалгаа хийх, техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн гүйцэтгэсэн судалгааны үр дүнд үндэслэн Засгийн газар 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-т шаардлагатай түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэж хангах нь зүйтэй гэж үзэж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Тус судалгаанд дурдсан сонирхолтой тооцооноос:

  • 1тн түүхий тосыг 530 км-т тээвэрлэх өртөг                                            

            – Дамжуулах хоолойгоор 7 ам доллар орчим

            -Төмөр замаар 14 ам.доллар орчим

            – Авто замаар 60 ам.доллар орчим

    • Хөрөнгө оруулалтын тооцоо, санхүүгийн шинжилгээ, ашиглалтын зардлын тооцоо, 1 тн түүхий тосыг тээвэрлэх тариф, бүтээн байгуулалтын хугацаа, найдвартай ажиллагаа, төвөгшил, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, учирч болох эрсдэлийн үнэлгээ, шаардлагатай дагалдах дэд бүтцийн хэрэглээ, нийгэм, эдийн засгийн ач холбогдол зэргийг тооцож 1-5 оноо өгч үнэлгээ хийхэд

            – Дамжуулах хоолой 3.9 оноо

            – Төмөр замаар 3.3 оноо

            – Авто замаар 1.89 оноо

Дээрх давуу талууд болон судалгааны ажлуудад үндэслэн түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх шийдэлд хүрсэн.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.