МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ НЬ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ЦОО ШИНЭ ТЭЭВРИЙН СИСТЕМ ЮМ

ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ НЬ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ЦОО ШИНЭ ТЭЭВРИЙН СИСТЕМ ЮМ

Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь Дамжуулах хоолой бөгөөд дэлхийн олон улс оронд хэрэглээнд нэвтрүүлээд 100 гаруй жил болж байна.

Түүхий тос дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд монгол улсад анх удаа баригдаж буй тээврийн цоо шинэ төрөл болж байна.

Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүч ашиглах бөгөөд энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай. Түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм.  

Газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нөлөөлөхгүй, хоосон сав буцааж тээвэрлэдэггүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладгаараа давуу талтай. Дамжуулах хоолойн шугам сүлжээг бүхэлд нь автомат системээр хянаж удирддаг тул гэмтэл гарах, тос алдах эрсдэл маш бага юм.

Манай орны газрын тос зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замаар ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байх ба тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойн системтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.

Үйл ажиллагааны зардлын хувьд: Нэг тн газрын тосыг 530 км дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд ойролцоогоор 8 ам.доллар, төмөр замаар тээвэрлэхэд 11 ам.доллар, авто замаар тээвэрлэхэд 60 ам.долларын өртөгтэй байхаар тооцоо гарсан. 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.