Манай газрын тос боловсруулах үйлдвэр нь 12 технологийн байгууламжаас бүрдэнэ.
Лицензгүй технологийн байгууламжууд | Лицензтэй технологийн байгууламжууд |
– Энгийн нэрлэг | – Бензин гидро цэвэрлэгээ, боловсруулах |
– Вакуум нэрлэг | – Дизель гидро цэвэрлэгээ |
– Амины цэвэрлэх | – Гидрокрекинг |
– Хүхэрлэг ус цэвэршүүлэх | – Хүхэр ялгах, үйлдвэрлэх |
– Хий ялгах | – Висбрекинг |
– Шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх | |
– Устөрөгч үйлдвэрлэх |
Гүн боловсруулалтын технологи – Гидрокрекинг
Гидрокрекинг технологи нь газрын тосны хүнд үлдэгдэл, түүхий эдийг устөрөгчтэй орчинд катализаторын тусламжтайгаар задалж бензин, керосин, дизель түлш, шингэрүүлсэн хий зэрэг хөнгөн бүтээгдэхүүнийг гарган авах зориулалттай процесс юм. Технологийн горим болон катализаторыг сонгосноор бүтээгдэхүүний төрөл, гарцын хэмжээг тохируулж болдог онцлогтой.
Монголын зах зээлийн хэрэглээний дийлэнх хувийг дизель түлш эзэлдэг. Гидрокрекинг технологиор өндөр чанарын дизель түлш болон тос, тосолгооны материалын суурь тосыг үйлдвэрлэхээс гадна түүхий тосны шинж чанар, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай процесс юм.
Тус процесс нь харьцангуй бага температурт буюу 320 ºС – 460 ºС-т, 35-170 бар-ын даралтан дор явагдана. Төрөл бүрийн катализаторын тусламжтайгаар түүхий эдийн физик-химийн шинж чанарыг зэрэг өөрчилж, хувиргаж болно.
Үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийг оновчтой сонгохын тулд бүтээгдэхүүний төрөл ба гарцын хэмжээ нь манай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэх эсэх, эцсийн бүтээгдэхүүний шинж чанар стандартын шаардлага хангах эсэх, үйл ажиллагааны хүндрэл, горимын уян хатан чанар, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг шалгуур үзүүлэлтээр 30 гаруй технологийг харьцуулан судалж тооцоолсон. Үүний үр дүнд Гидрокрекинг технологи манай газрын тос боловсруулах үйлдвэрт хамгийн тохиромжтой технологиор шалгарсан бөгөөд одоогоор тус технологийн инженерчлэл, зураг төслийн ажил явагдаж байна.
Гидрокрекинг технологийн лиценз эзэмшигч нь UOP, Chevron Lummus Global, Axens, Halder Topsoe, Shell, ExxonMobil, DuPont зэрэг компаниуд болно.