МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР

Бид газрын тос боловсруулах үйлдвэрт Тамсаг XXI болон Тосон-Уул XIX талбайн газрын тосыг боловсруулж, шингэрүүлсэн шатдаг хий, бензин, дизель түлш, онгоцны түлш болон зуухны түлшийг үйлдвэрлэн гаргана.

Дээрх хоёр талбайн түүхий тос нь дэлхийд олборлож буй бусад газрын тостой харьцуулахад, хоёулаа хөнгөн, хүхрийн найрлага бага, хүчлийн тоо бага (TAN), парафины агуулга болон царцах хэм нь өндөр тоснууд юм. Тухайлбал, олон улсын газрын тосны бирж дээр борлуулагдаж буй Брент маркийн түүхий тос 0,45% -ийн хүхэртэй байхад Монголд олборлож буй газрын тос нь 0,11% хүхрийн агуулгатай байна. Газрын тос дахь хүхрийн хэмжээг тодорхойлох нь чухал ач холбогдолтой бөгөөд учир нь хүхрийн нэгдлүүд нь газрын тосны бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж, үйлдвэрийн боловсруулах байгууламжийн катализаторыг хордуулж, шатах явцад хүрээлэн буй орчныг бохирдуулах хийг ялгаруулдаг байна.

Үйлдвэрт боловсруулагдах тосны хүчлийн агуулга бага байгаа нь үйлдвэрийн байгууламжид ашиглагдах материалын зардлыг хэмнэх сайн талтай юм. Нафтагийн фракцийн шинжилгээний аргаар тогтоосон октаны тоо бага тул изомержүүлэх болон реформингийн байгууламжуудын тусламжтайгаар октаны тоог дээшлүүлэн, АИ-95 төрлийн бензинийг үйлдвэрлэн гаргана.

Газрын тосон дахь парафины агуулга өндөр байгаа нь тосны царцах хэмд нөлөөлж байна. Манай оронд олборлож буй газрын тосны царцах хэм нь +24°С ба энэ нь түүхий тосыг тээвэрлэхэд хүндрэлийг бий болгоно.

Тамсаг XXI болон Тосон-Уул XIX-ын газрын тосыг атмосферийн цамхагт нэрэхэд хөнгөн фракцийн гарц нь бусад орны түүхий тосны гарцтай ойролцоо байхаар тооцоо гарсан.  Тийрэлтэт онгоцны түлш болон дизелийн түлшийг олон улсад мөрдөж буй стандартын дагуу үйлдвэрлэхийн тулд шууд нэрлэгийн байгууламжаас гадна гүн боловсруулалтын технологийг ашиглан үйлдвэрлэнэ.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.