МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Хүхэр ялгах байгууламж (Sulfur Recovery Unit)-ийг Францын “Аксенс” компанийн лицензээр барихаар болж, гэрээ байгууллаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн Хүхэр ялгах байгууламж (Sulfur Recovery Unit)-ийг Францын “Аксенс” компанийн лицензээр барихаар болж, гэрээ байгууллаа.

Монгол улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын патенттай технологийн лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалт дуусч, лиценз эзэмшигч компаниудтай ээлж дараалан гэрээ байгуулж эхлээд байна. Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Францын “Аксенс” группын Ази, номхон далайн орнууд хариуцсан дэд ерөнхийлөгч, ноён Стефан Верместер нар “Хүхэр ялгах байгууламж” (SRU)-ийн лицензийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Гэрээ байгуулсан энэ өдөр манай компани болон Төслийн менежментийн зөвлөх Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани, Францын “Аксенс” группын инженер, мэргэжилтнүүд “Ажил эхлүүлэх уулзалт”-ыг цахимаар эхлүүллээ. Тус уулзалтаар Хүхэр ялгах байгууламжийн зураг төсөл боловсруулах, инженерчлэлийн ажил гүйцэтгэх, түүнийг хянан нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн тохиролцоно.

Байгаль орчинд ээлтэй, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд дээрх байгууламжийн тусламжтайгаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн дэх олон төрлийн хүхэрт нэгдлүүдээс хүхрийг дангаар нь ялгаж, элементийн хүхэр үйлдвэрлэх юм.

“Аксенс” групп нь аж үйлдвэрлэлийн технологийн 3000 лицензийг зохиогч ба эзэмшигч, жилд 70 мянган тонн катализатор, адсорбент үйлдвэрлэдэг, газрын тос, байгалийн хийн салбарын дэлхийн томоохон компаниудын нэг юм.

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.