МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий даяар нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжлийн шинэ эрин үе ирж буй өнөө үед баялаг сайхан нутгийнхаа буян хишгийг монголын нийт ард түмэндээ үр өгөөжтэй, тэгш, шударга хүртээж, улс орны ирээдүйн хөгжилд зориулах боломж бидэнд тохиож байна. Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний хангамжийн асуудал өнгөрсөн зууны эхэн үеэс аливаа улс үндэстний тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа, хөгжил дэвшилд хүргэх хамгийн чухал нөхцөл болсоор ирсэн. Монгол улсын хувьд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаа, ард иргэдийн амжиргааны өртөг зардал нь газрын тосны бүтээгдэхүүн болох түлш шатахууны үнийн өсөлтөөс шууд хамаарч байна. Иймээс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь стратегийн чухал ач холбогдолтой юм.       

Сүүлийн хориод жилээс Монгол улсын төр засаг газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудлыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт тусгасаар ирсэн. Энэхүү зорилтын хүрээнд эх орныхоо газрын тосны баялгийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хэрэгжиж эхлээд эдүгээ бодит ажил болоод байна.

Монгол улсын эдийн засагт нэгэн шинэ салбар, шинэ тулгуур болох энэхүү өндөр технологийн үйлдвэрийг оновчтой төлөвлөж, түргэн хугацаанд барьж байгуулахын тулд манай компанийн инженер, мэргэжилтнүүд  олон шинэ сорилыг даван туулж, бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд монголын инженер, техникийн ажиллагсад үйлдвэрийн төмөр зам, автозам, эрчим хүч, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөн шинэ үйлдвэртэй ажил амьдралын замаа холбохоор эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан залууст гэр бүлтэйгээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах орчинг бий болгохоор “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.      

Энэ үйлдвэрийг барьж байгуулахад бодит боломжийг олгон, хамтран ажиллаж буй БНЭУ-ын Засгийн газар, энэтхэгийн ард түмэнд монгол түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнө эртний найрамдалт харилцаатай манай хоёр ард түмний хамтын бүтээл болох энэхүү төсөл маань амжилттай хэрэгжиж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Төр засгийнхаа дэмжлэг,  эрч хүчтэй, мэдлэг чадвартай залуусынхаа хүчээр эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ аж амьдралд чухал хувь нэмэр оруулах энэхүү аж үйлдвэрийг бүтээн байгуулж чадна гэдэгтээ бат итгэлтэй байна. Монголын минь мөнх хөх тэнгэр, Дорнын сайхан говийн уул, ус биднийг ивээж, улс орны хөгжилд хүч нэмэх газрын тосны үйлдвэр байгуулагдан, ирээдүй хойч үед минь олон жил үр ашгаа өгөх болтугай.                                                                 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭХ ОРОНДОО!

Гүйцэтгэх захирал   Д.АЛТАНЦЭЦЭГ

Техникийн ухааны доктор, Монгол улсын Зөвлөх инженер

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.