Газрын тос боловсруулах үйлдвэрийн Устөрөгч үйлдвэрлэх байгууламжийн лиценз эзэмшигч болох “Кинетикс Техноложи” компанийн Ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багцыг (BDEP) боловсруулж буй үе шаттай танилцаж, техникийн баримт бичгүүдийг хяналаа. Мөн тус компанийн үйл ажиллагаа зохион байгуулалттай танилцаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн операторын симуляторын програм, устөрөгчийн үйлдвэрийн шугам хоолойн инженерчлэл болон 3D зураг төсөл, реформерын зуухны бүтэц, ажиллах горим, устөрөгч үйлдвэрлэх байгууламжийг модулиар салгаж тээвэрлэх боломж, барилга угсралтын шатанд хийгдэх ажил зэргийг судаллаа.
Түүнээс гадна газрын тос боловсруулах үйлдвэрийн захиалагчийн хяналтын инженер “Прометеус” компанийн боловсруулсан ГТБҮ-ийн симуляторын програмтай танилцаж, Захиалагчийн инженер компаниас шаардлагатай техникийн зөвлөгөөг авч, техникийн уулзалтуудыг хийлээ.
Мөн “Кинетикс техноложи” компанийн лицензтэй Устөрөгч үйлдвэрлэх байгууламж бүхий Газрын тос боловсруулах үйлдвэртэй биечлэн танилцаж, туршлага судаллаа. Женовагийн Бусалла хот дахь IPLOM (Industria Piemontese Lavorazione Oli Minerali) Газрын тос боловсруулах үйлдвэр нь 100 орчим жилийн түүхтэй, жилд 1,890,000 тонн газрын тос боловсруулдаг, хүчин чадлын хувьд манай улсад баригдаж буй үйлдвэртэй ойролцоо. Дизель түлш, битум, 0,1 хувийн хүхрийн агууламжтай мазут зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна экспортолж байна.
IPLOM нь монголын ГТБҮ-ийн технологийн байгууламжууд болох энгийн болон вакуум нэрлэгийн байгууламж, дизелийн гидроцэвэрлэгээ, устөрөгч үйлдвэрлэх байгууламж, гидрокрекингийн байгууламж, амины регенерацийн байгууламж, хүхэрлэг ус цэвэршүүлэх байгууламж, хүхэр ялгах байгууламжуудыг суурилуулсан бөгөөд манай инженерүүд тэдгээрийн ажиллах горим, барилга угсралт болон үйлдвэрийн технологийн байгууламжуудын төлөвлөлттэй танилцаж туршлага судаллаа.
Түүнчлэн тус боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, бүтэц зохион байгуулалттай танилцаж, цаашид хамтран ажиллах боломжийг судлахаар боллоо.
2022/ 05/ 24