ГТБҮ-ийн патенттай технологийн байгууламжийн нэг болох Устөрөгчийн үйлдвэрийн лиценз эзэмшигчээр Итали улсын “Кинетикс Техноложи” компани шалгарч Ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багцыг (BDEP) боловсруулж эхэлсэнтэй холбогдуулан, тус үйлдвэрийн технологийн схем, шугам хоолойн диаграмм, тоноглолын техникийн баримт бичгүүд дээр хамтарч ажиллалаа. Уг компанийн салбар хариуцсан удирдлага, мэргэжилтнүүдээс нарийн мэргэжлийн зөвлөгөө авч, ГТБҮ-ийг ажиллуулах операторыг сургах программ, устөрөгчийн үйлдвэрийн шугам хоолойн инженерчлэл болон 3D зураг төсөл, реформерын зуухны бүтэц, ажиллах горим, тус байгууламжийн барилга угсралтын шатанд модульчилж тээвэрлэх боломжийг судаллаа.
Түүнээс гадна ГТБҮ-ийн Захиалагчийн инженер “Прометеус” компанийн боловсруулсан үйлдвэрийн симуляцын программтай танилцан, техникийн уулзалтууд хийж зөвлөгөө авлаа.
“Кинетикс техноложи” компанийн лицензээр 10-аад жилийн өмнө баригдсан Устөрөгч үйлдвэрлэх байгууламж бүхий ГТБҮ-ийг үзэж танилцан, туршлага судаллаа. Женовагийн Бусалла хот дахь тус IPLOM (Industria Piemontese Lavorazione Oli Minerali) ГТБҮ нь 70 гаруй жилийн түүхтэй, жилд 1,890,000 тонн газрын тос боловсруулдаг, хүчин чадлын хувьд манай улсад баригдаж буй үйлдвэртэй ойролцоо юм. Дизель түлш, битум, 0,1 хувийн хүхрийн агуулга бүхий мазут зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээс гадна экспортолдог байна.
IPLOM нь гүн боловсруулалтын технологийн хувьд манайхтай төстэй Зөөлрүүлсэн гидрокрекингийн байгууламжтай байна. Манай инженерүүд тус үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, технологийн байгууламжуудын ажиллах горим, технологийн хяналт, мониторинг, барилгын хийц, угсралт зэрэгтэй танилцаж туршлага судалснаас гадна монгол инженер, операторуудыг дадлагажуулах тал дээр цаашид хамтран ажиллах санал тавилаа.
Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо