МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км урт, газрын гүнд байрлах түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт нь манай улсын хувьд нүүрс-устөрөгчийг хол замд тээвэрлэх анхны магистраль дэд бүтэц юм. Өргөх, халаах 6 насос станц бүхий газрын тос дамжуулах хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангана.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэх тухай шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 04-р сард УУХҮЯ-наас “МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЖ, БАРИХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.  

Уг төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж Ерөнхий менежер Жоу Диан Бин нар 2022 оны 04-р сарын 18-ны өдөр гарын үсэг зуран баталгаажуулсан.  

“Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ.

2023 оны 12-р сарын байдлаар 226 км хоолойг гагнаж холбон чанарын шалгалт хийсэн бөгөөд 26 км хоолойг газрын гүнд булах ажлыг гүйцэтгэсэн. Хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канад улсын “Worley Parsons” компани гүйцэтгээд байна.

Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж   гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.