МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АНХДАГЧ ПРОЦЕССИЙН БОЛОН ДАГАЛДАХ БАЙГУУЛАМЖУУД (EPC 02), ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ (EPC 03), ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АНХДАГЧ ПРОЦЕССИЙН БОЛОН ДАГАЛДАХ БАЙГУУЛАМЖУУД (EPC 02), ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ (EPC 03), ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Монгол улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл Төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтад шилжсэн.

Үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтын ажлыг 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн барилга угсралт 2021 онд эхэлсэн бөгөөд 2023 оны III улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАРИН ӨНӨӨДӨР ҮЙЛДВЭРИЙН ҮНДСЭН ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУД БОЛОН ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН МЕХАНИК УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЖ БАЙНА.

EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдана.

EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц баригдана. ДЦС-ын уурын турбин генераторыг ХБНГУ-ын “Siemens” компани, уурын зуухыг тус улсын “ThyssenKrupp” үйлдвэрлэж байгаа юм.

Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering Infrastructure Limited” компани шалгарч, 2022 оны сүүлээр гэрээ байгуулан ажлаа эхлүүлсэн юм.

Мөн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км Газрын тос дамжуулах хоолой нь Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл баригдана. Уг дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд Монгол улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болох юм.

Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани 2022 оны сүүлээс ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгаснаар дамжуулах хоолойн барилга угсралтыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Газрын тос дамжуулах хоолойн ажлын нарийвчилсан зургийг Канад улсын “Worley Parsons” компани хийж байна. Харин үйлдвэрийн 2,3-р багц ажлын нарийвчилсан зургийн ажлыг Ерөнхий гүйцэтгэгчээс гадна Испанийн “Intecsa”, Италийн “STF Termotechnica” компаниуд гүйцэтгэж байна.

Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон түүхий тос дамжуулах хоолойн механик угсралтыг эхлүүлэх үйл ажиллагаанд БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, УИХ-ын зарим гишүүд, төр засаг, орон нутгийн байгууллагын удирдлагууд, иргэд, их дээд сургуулийн төлөөллүүд, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” компани, Ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.

EPC 04 буюу Үйлдвэрийн Лицензтэй технологийн байгууламжуудын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах тендер дуусч, шалгарсан компанитай гэрээ байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх багц ажлуудын гүйцэтгэгчид тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байна.

Эдгээр нь бүгд өндөр төвөгшилтэй, нарийн мэргэжил мэдлэг, туршлага шаардсан өргөн цар хүрээтэй ажлууд юм. Тиймээс Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны билэг тэмдэг болсон уг өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад Энэтхэг, Хятад, Итали, Франц, Герман, АНУ, Нидерланд, Испани, Канад зэрэг улс орнуудын олон зуу, мянган инженер мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байна.

Өөрийн орны газрын тосыг боловсруулж, эхний ээлжинд түлш шатахуунаар хангах энэхүү үйлдвэр бий болсноор улс орны эдийн засаг нэгэн хүчтэй тулах баганатай болж, шинэ техник технологийг дагаад бусад аж үйлдвэрүүд хөгжиж, Дорнын говь шинэ аж үйлдвэрийн төв болох болно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭХ ОРОНДОО!

Монгол Улсын Засгийн газар

India In Mongolia

India Exim Bank

Engineers India Limited

JMC Projects India Ltd.

Megha Engineering and Infrastructures Ltd

Norinco International limited

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.