УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын Парламентын доод танхим (Лок Сабха)-ын дарга Ом Бирла тэргүүтэй тус улсын парламентын гишүүд “Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) байгуулах төсөл”-ийн ажилтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д хүрэлцэн ирлээ. Үйл ажиллагаанд ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” (EIL), үйлдвэрийн багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Power Transmission Limited” (KPTL), “Megha Engineering Infrastructure Limited” (MEIL) компаниaн удирдлагууд, инженер, мэргэжилтнүүд оролцлоо.
Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил, цаашилбал улс орны эрчим хүчний бие даасан байдалд онцгой ач холбогдолтой Үндэсний хэмжээний томоохон төслийн хэрэгжилтэд чин сэтгэлээсээ анхаарч, онцгой дэмжлэг үзүүлж байдаг Энэтхэгийн төр засагт, ноён Парламентын дарга Ом Бирла-д талархал илэрхийллээ. Мөн уг төсөл нь Монгол – Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том бэлгэ тэмдэг, чухал хэлхээ холбоо болон хөгжиж буйг тэмдэглэв.
ГТБҮ байгуулах төслийн Төлөвлөлт, инженерчлэлийн үе шат 2021 онд дуусч, бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний багц ажил болох Технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын ажил дуусах шатандаа орж, 2,3-р багц ажлууд болох Үндсэн технологийн байгууламжууд, Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхлээд байгаа талаар төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс танилцууллаа.
Мөн үйлдвэрийн хамгийн өндөр төвөгшилтэй, барьж байгуулахад хугацаа их шаардах Гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын барилга угсралтын 04 дүгээр багц ажлын гэрээг байгуулахад бэлэн болсныг дуулгалаа.
Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүх багц ажлуудын гүйцэтгэгчид тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил цар тахал, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал зэрэг хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг туулж ирсэн бөгөөд хэд хэдэн салбар дамнасан, гадаад дотоодын олон тооны оролцогсдын хамтын ажиллагаа шаардсан энэ томоохон төслийн хэрэгжилтийг хоёр орны засгийн газар анхааралдаа авч буйд талархаж байгаагаа төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс илэрхийллээ.
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Kalpataru Projects International Limited
Megha Engineering and Infrastructures Ltd
Mongol Refinery Project
Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо!