МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Газрын тосны үйлдвэрийн хотхон” барих ажил ид өрнөж байна

“Газрын тосны үйлдвэрийн хотхон” барих ажил ид өрнөж байна

Дорноговь аймгийн Сайншанд хотод Газрын тосны үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. 


“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн Боловсруулах үйлдвэрийн ажилтнууддаа зориулан барьж буй 550 айлын орон сууцны хотхоны барилгын ажил төлөвлөсөн хугацааны дагуу үргэлжилж байна. Хотхоны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 0339-р анги, “Хангай бигэр” ХХК, орон нутгийн “ТОБЭМ” ХХК ажиллаж байгаа юм. Хяналтын инженерийн багийг Монгол улсын зөвлөх инженер Баярхүү ахалж байна. 


Газрын тосны үйлдвэрийн хотхон нь орон сууцны 10 барилга, оффис, хурлын танхим, ажилчид хооллох заал, анхны тусламж, үйлчилгээний төв, сургууль цэцэрлэг зэрэг барилгаас бүрдсэн цогцолбор болох юм. Ногоон байгууламж, зам талбай болон бусад дэд бүтцийг багтаасан нийт 11 га талбайг эзэлнэ. 


Үйлдвэр барих хугацаанд ирж ажиллах гадаадын инженер, техникийн ажилтнуудыг түрээсээр байрлуулахад ганцхан жилд 170 орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо бий. Харин Газрын тосны үйлдвэрийн хотхоныг 60 орчим тэрбум төгрөгөөр барьж ирэх жил бүрэн ашиглалтад оруулах юм. Ингэснээр гадаадаас ирж ажиллах хүмүүсийг орон байраар хангахаас гадна үйлдвэр ашиглалтад ороход тэнд ажиллах залуусыг гэр бүлтэйгээ хамт амьдрах тохилог орон сууц нь бэлэн хүлээж байна гэсэн үг. 


Сайншанд хот ирээдүйд Монголын техник, технологи, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн төв болон өргөжин дэвжинэ. Газрын тосны үйлдвэрийн хотхон энэ аж үйлдвэрийн төвийг даган сүндэрлэх Шинэ хотын эхлэл нь байх болно. 

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.