Ер нь бол тус үйлдвэр ашиглалтад ороод, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглах асуудал тэднээс биш биднээс голлон хамаарна. Учир нь Энэтхэгийн тал зээлийн санхүүжилтийг шийдвэрлэхэд хүндрэл чирэгдэл манайд эхнээсээ учруулаагүй. Эсрэгээрээ бидний тухайд тус үйлдвэрт боловсруулах түүхий тосныхоо эх үүсвэрийг, нөөцийн тасалдалгүй байдлыг шийдвэрлэх гол ажилдаа анхаарал хандуулах, илүү үндэслэлтэй тооцооллуудыг гаргаж ирэх шаардлагатайг хэлэх талууд байна. Дорнодын Тосон-Уул, Тамсаг, Дорноговийн Цагаан-Элс гэсэн ордуудаас түүхий тосоо татан авна гэсэн мэдээллийг өгч буй ч, хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх олон асуудлууд байгаа нь анзаарагдаж байгаа юм.
Сануулахад, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны тавдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үедээ найман жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэдгээ мэдэгдээд буцаж байсан түүхтэй. Модигийн айлчлалаас арван сарын дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сарын эхээр Монголын Засгийн газрын төлөөлөгчид Дели хотноо очицгоож, 1 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцээ хийсэн байдаг. Улмаар зээлийн хүүг жилийн 1,75%, хугацааг 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг долоон жил байхаар тохиролцсон байдаг.