МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЛИЦЕНЗТЭЙ ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУД (EPC 04)-ЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГА УГСРАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЛИЦЕНЗТЭЙ ТЕХНОЛОГИЙН БАЙГУУЛАМЖУУД (EPC 04)-ЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГА УГСРАЛТЫН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

Өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл томоохон үе шатаар урагшилж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад хэрэгжиж буй аж үйлдвэрийн хамгийн том төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байна. Эдгээрээс хамгийн сүүлийн бөгөөд хамгийн чухал 4-р багц  ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ёслолын ажиллагаа боллоо.

EPC 04 багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерийг төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Энэтхэгийн талтай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” (Мега инженеринг инфрастракчер лимитед) компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилгын угсралтын гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2023 оны 9 дүгээр сарын 29 өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Megha Engineering & Infrastructure Limited” компанийн Устөрөгчийн үйлдвэрлэл хариуцсан Ерөнхийлөгч ноён Ражеш Редди нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын бүх багц ажил Ерөнхий гүйцэтгэгчтэй болж, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөж эхлэх нөхцөл бүрдлээ.

Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд болон Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил энэ оны 4-р сард эхэлсэн бөгөөд ирэх жилээс Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил эхэлнэ гэсэн үг юм.

EPC 04 буюу 4-р багц ажлын хүрээнд, цогц үйлдвэрийн бүхий л гүн боловсруулалтын технологийн байгууламжууд багтаж буй бөгөөд дэлхийд нэр хүндтэй, технологи хөгжүүлэгч корпорацуудын зохиосон лицензтэй нүүрс-устөрөгчийн салбарын хамгийн орчин үеийн өндөр технологи бүхий байгууламжуудыг барих ажлууд багтаж байгаа болно.

Төсөл хэрэгжүүлэх үйл явц нь өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой олон салбар дамнасан цогц үйл ажиллагаануудаас бүрдэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол, Энэтхэг, Итали, Франц, АНУ,  Нидерланд, БНХАУ зэрэг улс орнуудын мянга гаруй инженер, мэргэжилтнүүд уг төсөлд оролцон ажиллаж байна.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.