МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын явцын мэдээлэл

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтын явцын мэдээлэл

“Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламж тус бүрийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг тооцсоны үндсэн дээр дараах 4 хэсэгт хуваан гүйцэтгэж байна. Үүнд:

 EPC 01:   Технологийн бус барилга байгууламж
 EPC 02:    Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
 EPC 03:    Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
 EPC 04:    Лицензтэй технологийн байгууламжууд 
( EPC – Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт)

Төслийн бүтээн байгуулалтын EPC 01, 02, 03 ба 04 багц ажлуудыг БНЭУ-ын, Газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд тус тус гүйцэтгэж байна.

Технологийн бус барилга байгууламж (EPC 01)-ийн нийт 11 иргэний барилга байгууламжууд, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусч, барилга байгууламжуудыг шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.

Анхдагч процессын болон дагалдах байгууламж (EPC 02), Үйлдвэрийн цахилгаан станц (EPC 03)-ийн ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай 2022.10.28-нд гэрээ байгуулсан.

MEIL компани инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган, ажлын нарийвчилсан зургийн ажлыг эхлүүлж, 2023 оны 4-р сард барилга угсралтын ажлаа эхлүүлсэн.

EPC 02 багцад багтсан байгууламжуудын ажлын нарийвчилсан инженерчлэлийн ажлыг Испанийн “Intecsa Industrial” S.A компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн 3D моделийг хийж байна.

Өнөөгийн байдлаар агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга угсралтын ажил хийгдэж, дараах тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж эхлээд байна.

  • Атмосферийн болон Вакуум нэрлэгийн байгууламжийн технологийн зуух – Францын “Heurtey Petrochem Solution” 
  • Нэрлэгийн цамхагууд – Энэтхэгийн “Sudhir Brothers”
  • Давсгүйжүүлэх байгууламж – АНУ-ын “Forum US”
  • Давсгүйжүүлэгчийн дотор тоноглол – АНУ-ын “Forum Energy Technologies US”
  • Бусад технологийн 9 цамхаг, ШШХ-н хэвтээ даралтат сав, бусад даралтат сав – Энэтхэгийн Fabtech Projects & Engineers Limited
  • Хөргөлтийн цамхаг – Энэтхэгийн “Mihir Industries”
  • Ус цэвэршүүлэх байгууламж – Энэтхэгийн “Rochem Separation Systems”

Үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын (EPC 03) уурын зуухыг Их Британийн “Foster Wheeler/Wood”, турбин-генераторыг ХБНГУ-ын “Siemens” компаниудад захиалж, “KCP Limited”, “MEIL” компаниуд үйлдвэрлэж байна.

EPC 04 багц ажилд хамаарах гүн боловсруулалтын Патенттай технологийн байгууламжуудын Лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын Итали, АНУ, Франц, Нидерланд улсын компаниуд зураг төслөө 2022 оны сүүлээр боловсруулж 2023 онд бүрэн хүлээлгэж өгсөн.

Уг багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр EPC 02, 03 багц ажлыг гүйцэтгэж байгаа MEIL компани шалгарч, ЗГ-ын 2023.09.13-ны өдрийн 336-р тогтоолын дагуу 2023.09.29-нд EPC 04 багц ажлын I хэсгийн гэрээг байгуулсан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэмэлт шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэгдсэний дараа EPC 04 багцын үлдэгдэл ажлын гэрээ байгуулагдана. 

Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг 2023 оны 4-р сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 226 км хоолойг гагнаж холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийж, нийт 25 км хоолойг газрын гүнд буулгаж, булах ажил хийгдсэн. Хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канад улсын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн Prometheus компани хяналт тавьсан.

Газрын тосны үйлдвэрийн хотхон

Засгийн газрын 2019 оны 129 дүгээр тогтоолын хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллагсад болон бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаад, дотоодын инженер, техникийн ажиллагсдыг орон байраар хангах зорилгоор Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы бүтээн байгуулалт хийж, эхний 40 айлын 1 орон сууцны барилгыг 2022 онд ашиглалтад оруулсан боловч Хөгжлийн банкны зээл зогссонтой холбоотойгоор бусад барилгын ажил саатахад хүрсэн. 

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.