Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын түүхий эдийн нөөцөд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш шатахууны хэрэгцээгээ ханган, эдийн засагт нефть-химийн шинэ салбарыг бий болгох зорилготой бүтээн байгуулалтын цогц төсөл Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна. Энэ бол “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) ТӨХХК-ийн төсөл юм.
2025 онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалт нэн шинэ түүхтэй. 2017 оноос эхэлсэн БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэх МГТБҮ-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.