МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Стандарт, Хэмжилзүйн Газартай нягт хамтран ажиллана

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Стандарт, Хэмжилзүйн Газартай нягт хамтран ажиллана

Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй орчин үеийн, өндөр технологид суурилсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэг удаа ашиглагдах олон улсын 2000 гаруй, үйлдвэр ашиглалтын үеийн ( туршилт тохируулга, ашиглалт, засвар үйлчилгээ) Олон улсын (API, OSHA, NFPA, ISO, ASTM, IEC, GOST, GB) 1000 гаруй стандарт зайлшгүй шаардлагатай.

Эдгээр стандартуудыг тухайн олон улсын байгууллагуудаас худалдаж авах, орчуулах, хэрэглэх, монгол улсын үндэсний стандарт болгон нутагшуулах зэрэг нүсэр ажил бий. Энэ ажилд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газартай нягт хамтран ажиллах шаардлага байгаа юм. Өнөөдөр төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагуудтай Стандарт, Хэмжил зүйн Газрын дарга Б.Билгүүн, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Батцэнгэл, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн нар уулзаж санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар тохилцоонд хүрлээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Төсөлд шаардлагатай стандартуудыг судлах, тодорхойлох үүрэг бүхий, 20 гаруй инженерийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Уг ажлын хэсэг 1000 гаруй олон улсын стандартыг газар зүйн байрлал, байгаль орчин, цаг уур болон стандартын өөрийн онцлог зэргээс хамааран байнгын ашиглах, үндэсний болгон батлуулахаар ялган тодорхойлсон.    

Стандарт, хэмжил зүйн газрын хувьд хамтран ажилладаг Олон улсын байгууллагуудын хүрээнд худалдаж авах стандартуудыг судлах, төлбөрийн хэмжээг бууруулах, хялбаршуулсан байдлаар олгох зэрэг арга замыг судалж, эхнээсээ үр дүнд хүрч байгааг дуулгалаа. Мөн АМГТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан “Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбогдсон үндэсний багц стандарт”-уудыг боловсруулж, батлуулах ажлын хэсгийн гишүүдэд шаардлагатай  аргазүй, мэдээллээр хангах сургалт явуулах боломжтойг илэрхийллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах стратегийн чухал ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтад Стандарт, хэмжил зүйн газар шаардлагатай бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлж, бүх түвшинд хамтран ажиллана гэдгээ тус байгууллагын удирдлага мэдэгдсэн юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.