БООМТЫН ШИНЭЧЛЭЛ, ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
Замын-Үүд сумын хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, мөн хилийн хяналтын таван байгууллагыг зангидах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч томилох, хилийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ажил сайжруулах үүрэг өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зам-Үүд боомтод ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн удирдлагууд болон яам агентлагийн дарга нартай хамтарсан уулзалт хийж, боомттой холбоотой тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа. Замын- Үүдийн чөлөөт бүсийн ажил дулааны станцын үйл ажиллагааны зардал байхгүй, ажилчдын цалин хөлс төсөвт суугаагүйгээс жигдрэхгүй байгаа ажээ. Боомтын шинэчлэл, чөлөөт бүстэй холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд Ерөнхий сайд даалгасан юм. Тодруулбал, Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах, Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийг дарааллыг багасгах, Улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, Экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргахаар боллоо.
Үргэжлэлийг энд дарж