Монгол Улсын их хурлын гишүүн, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд ажиллаж байна.
ГТБҮ бол Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч буй, бүтээн байгуулалт нь бодитоор эрчимтэй өрнөж байгаа төсөл гэдгийг сайд онцоллоо.
Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын бүхий л хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрт туссан энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэл гаргаж буй БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурвед талархал илэрхийлээд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон менежментийн зөвлөх Engineers India Limited, ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компаниудын удирдлагууд, инженер мэргэжилтнүүдэд амжилт хүслээ.
Өнөөдрийн байдлаар ГТБҮ-ийн болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 3000 орчим хүн оролцон ажиллаж байна.
Мөн өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.