БНЭУ-ын Засгийн газрын 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид тус улсын санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцтай танилцахаар айлчлан ирээд байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдээс хамгийн том нь болох ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, өргөтгөсөн хурал уулзалт хийх зорилгоор Дорноговь аймагт ажиллалаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд, БНЭУ-ын Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга, санхүү эдийн засгийн зөвлөх Анураг Агарвал, БНЭУ-ын Сангийн яамны зөвлөх Апарна Бхати, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн яамны ОУ-ын хамтын ажиллагааны газрын Нарийн бичгийн дарга Еша Шривастава, тус улсын Экспорт-Импорт банкны Ерөнхий захирал Харша Бангари тэргүүтэй төлөөлөгчид, Төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын төрийн өмчит Engineers India Limited компанийн Ерөнхий захирал Вартика Шуклагаар ахлуулсан удирдлагууд болон ГТБҮ-ийн Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компанийн Ерөнхий захирал Кришна Редди тэргүүтэй удирдах албан тушаалтнууд багтаж байна.
Төслийн хэрэгжилтэд хяналт тавих, явцын өргөтгөсөн хуралд БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон юм.
Төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нухацтай ярилцаж, үүрэг чиглэлүүд өглөө.
ГТБҮ байгуулах төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын ЭКСИМ банкны 1,7 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Тус улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр гадаад орнуудад 300 гаруй төсөл хөтөлбөр хэрэгждэг. Харин манай улсад өгч байгаа зээлийн хэмжээ нь энэтхэг улсын хувьд нэг улс, нэг төсөлд зориулж буй хамгийн өндөр дүнтэй зээл юм.
Томоохон хэмжээний зээл олгогч улсын хувьд энэхүү төсөл нь амжилттай хэрэгжиж, зээлийг хугацаанд нь эргэн төлөх асуудал тус улсын засгийн газрын шийдвэр гаргагчид болон ЭКСИМ банкны хувьд нэн чухал асуудал учир Энэтхэгийн төр засгийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж, дэмжсээр ирсэн бөгөөд төсөл эхэлсэн цагаас өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, үе шат бүрт хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн юм.