МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.01.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасны дагуу долоон зүйл бүхий хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгасан байна.

Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах иж бүрэн үйлдвэр байгуулж байгаа тул гаднын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох шаардлага үүсэж байна. Урьдчилсан тооцооллоор 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилтан ажиллахаар байна. Иймд ажиллах хүч мэргэжилтэн гадаадаас авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон зөвшөөрлийг шуурхай олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн үйлдвэрийн усны ордын нөхөн төлбөр, машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулсан (түргэвчилсэн) горимоор зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.

Хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломж бүрдэх юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.