МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц ашиглалтад орлоо

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай руу Сайншанд өртөөнөөс техник тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх 27 км төмөр замын салаа болон 17 км хүнд даацын авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барих ажил төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж Улсын комисст хүлээлгэн өглөө. 


Дэд бүтцийн ажлын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “2018 онд Монгол Улсын аж үйлдвэрийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан билээ. Үүнтэй зэрэгцэн эхэлсэн үйлдвэрийн төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам барих дэд бүтцийг амжилттай хийлээ. Газрын тосны үйлдвэрлэл хангамжийн асуудал аливаа улс орны үндэсний аюулгүй байдал төдийгүй эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин зүйл болсоор ирсэн. Монголын төр засаг сүүлийн хориод жил ярьсан газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодит ажил хэрэг болгох боломжтой боллоо” гэлээ. 


БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Энэтхэгийн Засгийн газрын тусламжаар байгуулж буй нь хоёр орны нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм. Бүтээн байгуулалтад шаардлагатай 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар шийдвэрлэсэнд бид баяртай байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монголын газрын тосны нийт хэрэгцээний дөрөвний гурвыг хангана гэж ойлгож байна. Түүнээс гадна энэ үйлдвэр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм. Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой нэмэлт аж үйлдвэрүүд ч хөгжинө гэж үзэж байна. Коксжих нүүрс болон бусад байгалийн баялгийн нөөцөөр арвин Монгол Улс Энэтхэгийн эдгээр баялгийн хэрэгцээг мөн хангах өргөн боломжтойг тэмдэглэмээр байна. Цаашид манай хоёр улс зэс, алт, газрын ховор элементийн хамтарсан хайгуул хийж, Монгол Улсын хөгжлийн гол салбар болох уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой” хэмээлээ. Ерөнхий сайд бүтээн байгуулалтад оролцсон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Зэвсэгт хүчний 7780-р анги, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олонд талархал илэрхийлж, шагнал гардууллаа. 

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.