МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

азрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01-р сарын 06-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.  

УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.  

Өнөөдөр уг төслийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-нд УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж Ерөнхий менежер Жоу Диан Бин нар гарын үсэг зурлаа.  

Өргөх, халаах насос бүхий Түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах юм.  

“Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ.  

Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж   гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.  

ТҮҮХИЙ ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ НЬ МАНАЙ УЛСЫН ХУВЬД ЦОО ШИНЭ ТЭЭВРИЙН СИСТЕМ ЮМ 

Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь Дамжуулах хоолой бөгөөд дэлхийн олон улс оронд хэрэглээнд нэвтрүүлээд 100 гаруй жил болж байна.  

Түүхий тос дамжуулах хоолой нь газрын гүнд байрлах бөгөөд монгол улсад анх удаа баригдаж буй тээврийн цоо шинэ төрөл болж байна.  

Дамжуулах хоолойн хувьд зөвхөн цахилгаан эрчим хүч ашиглах бөгөөд энерги зарцуулалтын хувьд хамгийн бага зардалтай. Түүнчлэн тээвэрлэх сав, тээврийн хэрэгсэл, тээврийн замын үүргийг нэг дор гүйцэтгэдгээрээ онцлог юм.   

Газар доогуур барьж байгуулдаг тул хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бараг үгүй, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд нащөлөөлөхгүй, хоосон сав буцааж тээвэрлэдэггүй, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ажилладагаараа давуу талтай. Дамжуулах хоолойн шугам сүлжээг бүхэлд нь автомат системээр хянаж удирддаг тул гэмтэл гарах, тос алдах эрсдэл маш бага юм.  

Манай орны газрын тос зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замаар ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байх ба тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойн системтэй харьцуулахад харьцангуй өндөр юм.  

Үйл ажиллагааны зардлын хувьд: Нэг тн газрын тосыг 530 км дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд ойролцоогоор 8 ам.доллар, төмөр замаар тээвэрлэхэд 11 ам.доллар, авто замаар тээвэрлэхэд 60 ам.долларын өртөгтэй байхаар тооцоо гарсан.   

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.