Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтын явцтай УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн төлөвлөлт, инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажил өрнөж, энэ жилээс үйлдвэрийн талбай дээр бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.
Энэ онд EPC-1 буюу Технологийн бус Иргэний барилга байгууламжийг барих ажил эхлэх ёстой. БНЭУ-ын ЭКСИМ банктай манай улсын Засгийн Газрын хийсэн хэлэлцээрийн дагуу үйлдвэрийн барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчид нь Энэтхэг улсын компаниуд байх учраас бүтээн байгуулалтын ажил КОВИД19 цар тахлын улмаас хугацаа хойшилж байна. EPC-1-ийн хүрээнд үйлдвэрийн талбай дээр агуулах сав, гал команд, анхны тусламжийн төв, оффис, лаборатори, засварын төв, ажилчдын хооллох байр зэрэг 11 барилга байгууламж баригдана. Мөн энэ онд Бор хөөвөрийн говиос үйлдвэрийн талбай хүртэл ус татах шугам хоолой барих ажил эхлэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосыг Дорнод аймаг дахь Тамсагийн сав газраас үйлдвэрийн талбай хүртэл 650 км дамжуулах хоолойгоор татна. Тиймээс дамжуулах хоолойн санхүүжилтийг шийдэх нь нэн тулгамдсан асуудал болж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ үеэр хэллээ.