Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж байна. Ажлын хэсэг тус суманд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн зарцуулалт, төслийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж байгаа юм.
Монгол Улсад Нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих энэхүү төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр барьж байгаа бол үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Эксим банкны зээлээр санхүүжүүлж байна. Харин хувьцаа эзэмшигч “Эрдэнэс Монгол” ХХК үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд Дорнод аймгийн Матад сумаас үйлдвэр хүртэлх түүхий тос дамжуулах 530 км хоолойн бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж байгаа бөгөөд уг ажлын явц 50 гаруй хувьтай байна.Хөгжлийн банкнаас тус төсөлд 248.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос зээлийн гэрээний дагуу гүйцэтгэлээр 179.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
Монгол Улсын Засгийн газраас Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын барилга угсралтын ажил гүйцэтгэх 648 сая ам.долларын дүн бүхий гэрээг БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructures Ltd” компанитай байгуулахыг “Монгол газрын том боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д олгох шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 29-ний тогтоолоор гаргасан.
Өөрөөр хэлбэл газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн санхүүжилт болон бүтээн байгуулалтын ажлууд хэвийн үргэлжилж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжсэнээр газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэхээс гадна түлш, шатахууны импортод зарцуулдаг валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтэц зэрэг чухал салбаруудаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.



