Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна.
EPC 01 багц ажлын хүрээнд иргэний 9 барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам, сувагчлал зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж буй бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч “Kalpataru Projects International Limited” компани нь 2021 оны 01-р сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90%-тай явагдаж байна.
EPC 02, 03 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Megha Engineering Infrastructure Limited” компани инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган барилга угсралтын ажил (резервуар, агуулах сав паркуудын суурь, үйлдвэрийн дулааны цахилгаан станцын дэд станц болон удирдлага хяналтын байр, шугам хоолойн эстакад)-ыг үргэлжлүүлж байна.
Түүнээс гадна дээрх багц ажлуудын хүрээнд зарим тоног төхөөрөмжүүд, агуулах сав, резервуар, даралтат савнуудыг үйлдвэрийн талбайд үйлдвэрлэхээр болсныг Ерөнхий сайдад Төслийн менежментийн зөвлөх, БНЭУ-ын “Engineers India Limited” болон төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд танилцууллаа.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён М.П.Сингх, төслийн үйл ажиллагааг дэмжиж байдаг хоёр орны засгийн газарт талархал илэрхийлээд, 20 гаруй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулсан төдийгүй БНЭУ-ын сансрын Chandrayaan төсөлд оролцож буй БНЭУ-ын аж үйлдвэр, технологи хөгжүүлэлтийн хамгийн том компани болох “Engineers India Limited” Монгол улсад хэрэгжиж буй ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөхөөр ажиллаж буй учраас уг төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байж болно гэлээ.
БНЭУ-ын Эксим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Ерөнхий сайд, Монгол, Энэтхэг хоёр улсын найрамдалт харилцааны билэг тэмдэг болсон энэ төсөл зайлшгүй хэрэгжих ёстойг онцлоод Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Мөн Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэрийг ойрын үед гаргана гэдгийг хэллээ. Ерөнхий сайд, холбогдох сайд нар ГТБҮ-ийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай мөн танилцсан. Уг ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани энэ оны 6-р сараас барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд буулгасан хоолойн хэмжээ 143,5км (11960ш) ба үүнээс 110км хоолойг гагнаж холбоод байна.