“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, инженерүүд болон Төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd компанийн төлөөлөл Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ)-ийн технологийн байгууламжуудын тоног төхөөрөмж, эд ангиудын үйлдвэрлэл, сорил тест, тээвэрлэлтийн ажилд явцын хяналт хийх зорилгоор БНЭУ-д томилолтоор ажиллалаа.
ГТБҮ-ийн толгой бүтээгдэхүүнийг боловсруулах буюу Ханасан хий ялгах байгууламжийн Пропан, бутаныг ялгах, Нафтаг тогтворжуулах, Керосин ба Газ ойлын стриппер (stripper), Шингэрүүлсэн шатдаг хий ба хийн түлшний Амины абсорбер (absorber), Этангүйжүүлэгч зэрэг байгууламжуудын технологийн цамхагууд БНЭУ-ын Мумбай хот дахь “Sudhir Brothers” компанид үйлдвэрлэгдэж, бүх төрлийн чанарын шалгалт, сорил тестүүд хийгдэж байна.
Овор хэмжээ ихтэй зарим төхөөрөмжүүдийг ачилтад бэлтгэж буй бөгөөд зэврэлтээс хамгаалах ажилбар хийгдсэний дараа дээрх бүх төхөөрөмжүүд 2026 оны 1-р сард Мумбайн боомтоос далайн тээвэрлэлтэд гарах юм.
Мөн тус хот дахь “Sparkle Clean Tech” компанийн үйлдвэрт ГТБҮ-ийн Ус боловсруулах, цэвэршүүлэх багц байгууламжийн Бохир ус цэвэршүүлэх, Эрдэсгүйжүүлэх байгууламжууд, тэдгээрийн тоноглол, төрөл бүрийн шүүлтүүрүүдийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн явц дуусах шатандаа орж, төрөл бүрийн сорил, тестийн ажиллагаа явагдаж байна. ГТБҮ-ийн механик угсралтын ажлын шат дараалалтай уялдуулан 2026 оны 1-4-р сард эдгээр багц төхөөрөмж, байгууламжуудыг Монгол руу тээвэрлэхээр төлөвлөж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх компани, Ерөнхий гүйцэтгэгч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниудтай хамтран техникийн хурал уулзалтууд хийж, ажлын явцыг хэлэлцэж, график төлөвлөгөөг нарийвчлан, ачилт, тээвэрлэлтийн хугацааг шинэчлэн тохиролцов.











