Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдалд онцгой чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл БНЭУ-ын бүх талын тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Тус улсын Засгийн газар төслийг санхүүжүүлэхээс гадна үйлдвэрийн төлөвлөлт инженерчлэлийн ажлыг гардан гүйцэтгэж байгаа төдийгүй төсөл эхэлсэн цагаас газрын тосны үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэх тал дээр ч онцгой анхаарал хандуулж, дэмжиж тусалсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь Энэтхэгийн засгийн газрын Техник-Эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC)-ны хөтөлбөрийн хүрээнд 4 дэх удаагаа зохион байгуулагдаж буй бүрэн тэтгэлэгтэй сургалт юм.
Энэ удаагийн сургалтад “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн инженерүүдээс гадна төсөл хэрэгжүүлэгч компанийн санаачлагаар ШУТИС-д хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер бэлтгэх ангийн болон Химийн инженерчлэл, Эрчим хүчний сургуулийн оюутнууд, багш нар хамрагдан Энэтхэг улсыг зорих гэж байна. Инженерүүд болон оюутнуудыг БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Атул Малхари Готсурве, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
БНЭУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгтэй уг сургалтаар инженер, оюутнууд ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited компанийн туршлагатай, чадварлаг инженер, багш нараас онол, дадлага хосолсон мэдлэг олж авах юм.
Энэхүү бүрэн тэтгэлэгтэй сургалтын хөтөлбөрт 2020 оноос эхлэн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр компанийн 70 орчим инженер мэргэжилтнүүд хамрагдаад байна.








