Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэгч тус компани 70 гаруй инженер, техникийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд тус компанийн ажилтнуудтай уулзаж өдөр тутмын ажилтай нь танилцлаа. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д 21 төрлийн инженер ажиллаж байна. Тэдний 50 гаруй хувь нь гадаадад боловсрол эзэмшжээ.
Ерөнхий сайд Засгийн газар эрчим хүч, газрын тос, эрүүл хүнснийхээ хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, улмаар экспортлох зорилт тавьж байгааг хэлээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Газрын тос боловсруулах үйлдвэр төсөлд энэ салбарын ахмад, дунд, залуу бүх үеийн төлөөлөл ажиллаж буй. Ерөнхий сайд компанийн хамгийн ахмад нь болох 84 настай, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Багмид, залуу үеийн төлөөлөл М.Билэгдэмбэрэл, Т.Пэрэнлиймаа нарт гарын бэлэг гардуулж, компанийн нийт ажиллагсдад амжилт хүслээ.
Монгол улсад анх удаа орчин үеийн, дэвшилтэт технологи бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад мэргэжлийн инженерүүдийн хичээл зүтгэл чухал ч төр засгийн бодитой дэмжлэг, хамтын ажиллагаа тууштай үргэлжилснээр үйлдвэр товлосон хугацаандаа ашиглалтад орж, манай улс эрчим хүчний хараат байдлаас ангижирч, ард түмэн үр шимийг нь хүртэх болно.