Монгол улсын эдийн засагт аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжихийн сацуу тус үйлдвэрт ажиллах инженерүүдийг БНЭУ-ийн Засгийн газар Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд бэлтгэж, мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер нь үйлдвэрийн процесс, механик, автомажуулалт, тоног төхөөрөмж, цахилгаан, дулаан, шугам хоолой гэх мэт төрөл бүрийн инженерийн мэдлэгтэй байх ёстой бөгөөд эдгээр чиглэлийг хамарсан, онол, практик хосолсон цогц сургалтад хамрагдахаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн 20 залуу инженер 2023.10.29-нд Энэтхэг улсын Нью Дели хотыг зорилоо.
БНЭУ-ын Засгийн газар нь “Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг санхүүжүүлж байгаа бөгөөд үйлдвэрийн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх тал дээр томоохон дэмжлэг үзүүлж, дээрх сургалттай холбоотой бүхий л зардлыг хариуцаж байгаа юм.
Монгол улсын хөгжлийн томоохон төслийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь бүхий л талаар дэмжиж тусалж байгаа БНЭУ-ын Засгийн газар, мэдлэг туршлагатай инженер, мэргэжилтнүүд, багш нарт гүн талархал илэрхийлье.