МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

EPC 02 ба 03-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

EPC 02 ба 03-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН

“АНХДАГЧ ТЕХНОЛОГИЙН БОЛОН ДАГАЛДАХ БАЙГУУЛАМЖ”, “ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ, ХУДАЛДАН АВАЛТ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ (EPC 02 ба 03)-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монгол улсад нефть-химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл төлөвлөлт, инженерчлэлийн үе шатнаас 2021 онд бүтээн байгуулалтад шилжсэн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд хуваан хэрэгжүүлж байна.

EPC 01 багц ажил буюу Технологийн бус барилга байгууламж-д, иргэний 9 барилга, 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган м.куб багтаамжтай усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжууд багтаж буй бөгөөд барилга угсралтын ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компани 2021 оноос эхлүүлсэн ба ирэх оны дунд үед гүйцэтгэж дуусна.

EPC 02 багц ажил буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж-д, Атмосферийн болон Вакуум нэрлэгийн байгууламж, Хий ялгах байгууламж, 42 ширхэг түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний агуулах сав, резервуар, төмөр зам болон авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжуудын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил багтаж байна.

EPC 03 багц ажил нь 35 мегаваттын хүчин чадалтай, уурын 2 турбин бүхий Цахилгаан станц-ын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил юм.

EPC 02 болон EPC 03 багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерүүдийг төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Энэтхэгийн талтай хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” (Мега инженеринг инфрастракчер лимитед) компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилгын угсралтын гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10-р сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Megha Engineering & Infrastructure Limited” компанийн боловсруулах үйлдвэрлэл хариуцсан захирал, ноён Палимпати Доория нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг ёслолын ажиллагаанд Шадар сайд С.Амарсайхан, БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, УУХҮЯ, ГХЯ, ЭЗХЯ, Сангийн яамны албан тушаалтнууд, Төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн төлөөлөгчид оролцлоо. Мөн БНЭУ-ын ЭКСИМ банк, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд Нью Дели хотоос цахимаар оролцлоо.

“Megha Engineering & Infrastructure Limited” компани EPC 02, 03 багц ажлуудыг хамтад нь гүйцэтгэх бөгөөд 2025 оны 4-р улиралд бүтээн байгуулалтын ажлыг дуусгах үүрэг хүлээж байна.

“Megha Engineering & Infrastructure Limited” https://www.meil.in/ нь дэлхийн 20 гаруй оронд салбартай, дэд бүтэц, газрын тос, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, ус хангамж, дамжуулах хоолойн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг, хэд хэдэн оронд тоног төхөөрөмжийн үйлдвэртэй, 30 гаруй жилийн туршлагатай компани юм.

Хуваалцах:

“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжилтийн явц

Манай компани нь ил тод, бие даасан, хараат бус, хариуцлагатай байх зарчимд тулгуурлан Монгол улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахдаа хүрээлэн буй орчинд учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, ажиллагсдынхаа эрх ашгийг дээдэлж, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.